Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Orange хувьсал”-д нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-06 11:50:39
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч нарын санаачлагаар хөшигний ард нуугдмал байдаг гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх зорилготой “Оrange хувьсал”-ыг сошиалаар өрнүүлж эхэллээ.
 
Оrange буюу улбар шар өнгө нь гэрэлт ирээдүй, хүчирхийлэлгүй ертөнцийг бэлгэддэг бөгөөд энэхүү challenge-д одоогоор тус аймгийн ИТХ, ЗДТГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, “Хэнтийн мэдээ” сонины редакц, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд нэгдээд байгаа юм. Төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд та бүхэн “Оrange хувьсал”-д идэвхтэй оролцож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Та тус challenge-д нэгдэхийг хүсвэл өөрийн нүүр номондоо “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэцгээе” гэж бичээд “Оrange Хувьсал” гэсэн самбарын зургийн хамт пост оруулахад л хангалттай. Мөн та аль болох олон найзыгаа mention хийж #challenge-д дуудаарай. Энэ нь нийгэмд чимээгүй оршсоор байгаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг таны хийж чадах хамгийн энгийн зүйл юм.

Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар тус аймгийн Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нийт 126 гомдол мэдээлэл  ирсэнээс 2 зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, бусад 124 зөрчилд захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ