Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-27 14:38:18

СӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын зүгээс учирч буй аюул заналыг амжилттай сөрж зогсохын тулд Өмнөд Солонго батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.

“Батлан хамгаалах өндөр чадвартай байж, Умард Солонгост зарчимч хандах нь тус улстай яриа хэлцээ хийх болон хамтран ажиллах үүд хаалгыг нээж магадгүй” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хэлсэн байна. Түүний хэлснээр, Сөүл зөвхөн хатуу зарчимч үйл ажиллагаа явуулсны ачаар наймдугаар сарын эцэст үүссэн цэргийн хямралыг Пхеньянтай хийсэн үр дүнтэй яриа хэлцээ болгож чадсан. Тухайн үед өмнөд болон умардынхан их буугаар харилцан гал нээж, өргөн хүрээтэй байлдааны ажиллагаанд бэлтгэж байсан боловч байдлыг хэлэлцээ хийх замаар намжааж чадсан билээ.

Хэлэлцээний үр дүнгүүдийн нэг нь 1950-1953 оны Солонгосын дайны дараа хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулах тохиролцоонд хүрсэн явдал юм. “Ийм уулзалтыг тогтмол зохион байгуулахад Засгийн газар чадах бүхнээ хийнэ” гэж Пак Гын Хэн онцлон тэмдэглэжээ. Хамгийн сүүлд энэ сарын 20-26-нд хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулсан юм.

Үүнээс гадна, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч эвлэрлийн болон хоёр талын харилцааг хэвийн болгох үйл явцыг түргэтгэх зорилгоор Умард Солонгостой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ амлажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ