ДЭМБ-ын шинэ захирлыг энэ сард томилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-05-16 17:00:24
ВАШИНГТОН. /VOA/. Дэлхий дахиныг саа болон Гвинейн хялгасан хорхойн өвчнөөс бүрэн ангижруулахыг эрмэлзэж байгаагаа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигч, доктор Дэвид Набарро илэрхийллээ. 

Энэ хоёр өвчний тархалтыг дарахад тун ойртоод байгаа юм. Саагийн ихэнх тохиолдол нь Пакистан-Афганистаны хил орчмын бүсэд болон Нигери улсын хойд нутагт бүртгэгдээд байна. Тус хоёр бүсийн аль алинд нь зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа билээ. Эмнэлгийн ажилтнууд амь насаараа дэнчин тавин эдгээр улсын хүүхдүүдэд вакцин хийж байна.

Д.Набарро “VOA” агентлагт саяхан ярилцлага өгөх үеэрээ “ямар ч өвний тархалтыг дарах сүүлийн  шат хамгийн хүнд хэцүү байдаг.  Хэрвээ энэ хүнд хэцүү алхмыг даван туулахгүй бол урьд өмнө нь хийсэн бүх ажил талаар өнгөрнө гэсэн үг” гэж хэлжээ.

ДЭМБ саагийн тархалтыг дарахаар сүүлийн 30 гаруй жилийн турш тэмцэж байгаа билээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд саагийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй учир “Нигери улс саагаас бүрэн ангижирсан” гэж ДЭМБ энэ онд зарлан тунхаглахаар төлөвлөж байсан боловч он гарснаас хойш саагийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Гвинейн хялгасан хорхойн өвчин


Гвинейн хялгасан хорхойн өвчин гэдэг нь Гвинейн хялгасан хорхойн авгалдайг идсэн усны бөөс бүхий усыг ууж хэрэглэсний улмаас тусдаг өвчин юм. Авгалдай нь хүний биед ороод өсч том болдог. Энэ өвчин нь үхэлд хүргэх аюултай биш боловч хорхой хүний биенээс гарах үед шатаж байгаа мэт халуу дүүгэж, маш их өвдөлт мэдрэгддэг байна.

1986 онд Гвинейд 3.5 сая хүн энэ өвчний халдвар авч байжээ. Харин өнгөрсөн онд энэ өвчний халдвар авсан 25 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол НҮБ-ын харьяа байгууллагууд, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын үүсгэн байгуулсан Картерын төв болон АНУ-ын Өвчнийг хянах ба урьдчилан сэргийлэх төвийн гаргасан хүчин чармайлтын үр дүн юм.

Мөн дэлхийн хүн амын бараг тал хувьд аюул заналхийлж байгаа хумхаа өвчний тархалтыг зогсоохыг Д.Набарро хүсч байна.

Хумхаагаас урьдчилан сэргийлж, халдвар авсан хүмүүсийг эмчлэх боломжтой хэдий ч өнгөрсөн онд л гэхэд хагас сая хүн энэ өвчнөөр нас барсан гэж ДЭМБ мэдэгдэв.

Эболагийн тархалт


“Эбола” вирус ид тархаж байх үед Д.Набарро эболагийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгчийн хувиар халдвар хамгийн их тархсан Баруун Африкийн улс орнуудад очиж, нөхцөл байдалтай танилцаж байжээ.

2013 оны 12 дугаар сараас 2016 оны нэгдүгээр сарын хооронд уг вирус урьд өмнө байгаагүйгээр өргөн цар хүрээг хамарч тархсан юм. Энэ хугацаанд 28600 гаруй хүн халдвар авсны 11 мянга гаруй нь нас барсан билээ.

Уг вирусийн тархалтыг зогсоохын тулд шуурхай бөгөөд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж ДЭМБ-ыг улс орнууд ихээхэн шүүмжилж байсан юм.

Хэрвээ би ДЭМБ-ын ерөнхий захирлаар томилогдвол бэлэн байдал дутагдалтай байснаас үүдэлтэй энэ мэт эмгэнэлт гамшгийг дахин давтуулахгүй гэж Д.Набарро хэлжээ.

Д.Набаррогийн ажил мэргэжлийн замнал

Д.Набарро насаараа эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа хүн юм.

Тэрбээр 1974 онд Иракт “Save the Children” ТББ-ынхантай хамтран ажлын гараагаа эхэлсэн байна. Дараа нь тэрбээр янз бүрийн эмнэлгүүдэд ажиллаж, 1999 онд ДЭМБ-д оржээ. Тэр цагаас хойш тэрбээр тус байгууллагад  ажиллаж байна.

Энэ сарын 23-нд Женев хотноо болох ДЭМБ-ын их хурлын үеэр тэрбээр тус байгууллагын ерөнхий захирлаар сонгогдох магадлалтай байна. ДЭМБ-ын ерөнхий захирлыг гишүүн орнуудын төлөөлөгчдийн саналаар сонгох гэж буй анхны тохиолдол нь энэ юм.
 
Г.Доржханд


 
Холбоотой мэдээ