Дашинчилэн суманд Инчён хотын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-17 12:39:23
Булган /МОНЦАМЭ/“Ногоон ази” төрийн бус байгууллага Булган аймгийн Дашинчилэн суманд цөлжилтийг сааруулах зорилгоор ногоон хэрэм бий болгож мод тарьж байгаа юм. Энэ төслийн хүрээнд тус сумын төвд БНСУ-ын Инчён хотын нэрэмжит цэцэрлэг байгуулж байна. Тус хотын Захирагч энэ сарын сүүлээр тус суманд айлчилж мод суулгах гэнэ.
-“Ногоон ази” төрийн бус байгууллага 2014 оноос манай суманд төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ онд 10 га талбайд мод суулгаж байна. Манай сумаас тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй 30 хүнийг ажлын байраар хангаж байна. БНСУ-ын Инчён хоттой манай сум харилцаа тогтоосон. Энэ дагуу цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэллээ гэж сумын ИТХ-ын дарга А.Батжаргал ярилаа.
“Ногоон ази” төрийн бус байгууллага өмнөх жилүүдэд 30 га талбайд мод тарьжээ. Чацаргана, үхрийн нүд, хайлаас, улиас зэрэг мод, бутыг манай улсын хэвтээ чиглэлийн зам дагуу тариалдаг байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ