Афганистан дахь цэргийн ажиллагаагаа Их Британи нэг жилээр сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-28 12:41:58

ЛОНДОН. /TASS/. Афганистанд байрлаж байгаа Их Британийн цэргүүд урьд нь мэдэгдэж байсны дагуу энэ оны сүүлээр эх орондоо буцахгүйгээр тус улсад 2016 он хүртэл үлдэхээр боллоо. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон мэдээлсэн байна.

“Афганистанд тогтвортой, аюулгүй байдлыг хангахад нь туслахын тулд Их Британийн цэргийн ажиллагааг урьдын түвшинд, 2016 он хүртэл үргэлжлүүлэх ёстой гэдэг дүгнэлтэд хүрлээ” гэж Фэллон мэдээлжээ.

Одоогийн байдлаар Афганистанд Их Британийн 450 цэрэг байрлаж байгаа юм. Тэд тус улсын офицеруудыг сургаж бэлтгэхэд оролцож, мөн Кабулд явуулж буй НАТО-гийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.

Лондоны эрх баригчид дээрх шийдвэрийг Афганистанаас цэргүүдээ гаргах үйл явцыг удаашруулж, тус улсад 2016 онд 9800 цэрэг үлдээхээр шийдсэн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний дараа гаргажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ