Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах асуудлаар ярилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 16:27:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хамтын оролцоо” сэдэвт аймгийн зөвлөгөөнийг Нутгийн удирдлагын ордоны “Сүлд” танхимд зохион байгуулж байна. 

Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, тэдэнд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахтай холбоотой байгууллагуудын хамтын ажиллагааг нягт уялдаа холбоотой болгох зорилгын дор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран дээрх зөвлөлгөөнийг хийж байгаа юм.
Тус аймгийн 15 сумын Засаг дарга, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 130 гаруй хүн уг зөвлөлгөөнд оролцож байна. 
Энэхүү зөвлөгөөнөөр э
х хүүхдийн эндэгдэл гарах шалтгаан, түүнийг бууруулах арга зам, эрүүл мэндийн чанар хүртээмж, үйлчилгээг хэрхэн сайжруулах, эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, жирэмсний хяналтыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнэ, гишүүдийн үүрэг оролцоо зэрэг чухал сэдвүүдээр зөвлөлдөж байгаа юм. Мөн Өмнөговь аймагт хэрэгжүүлэх төр засгийн бодлого, хөтөлбөр болоод “Эх хүүхдийн эрүүл мэнд” аймгийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч байна. 

“Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хамтын оролцоо” сэдэвт зөвлөгөөн хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, сайжруулах арга зам, аймгийн Засаг даргын гаргасан албан даалгаврын хүрээнд хийгдсэн ажлууд, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, бага насны хүүхдийн хяналт тусламжийн чанар үр дүн гэсэн чухал сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

Зөвлөлгөөний үр дүнд эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах шилдэг арга замыг нэгтгэсэн зөвлөмжтэй болж, эх хүүхдийн эндэгдлийг тэгэлж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, эмч мэргэжилтнүүдийн ёс зүйг сайжруулна гэж зохион байгуулагчид хэлж байна.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ