Залуус бизнесийн гараагаа эхлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 20:30:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр шалгарсан таван төслийг санхүүжүүлээ.
Залуучуудыг гарааны бизнесээ хөгжүүлэхэд зориулан сургалт явуулж шалгарсан төслүүдийг нь санхүүжүүлэхээр болсон билээ.
Сургалтад оролцсон
“Ингэн сааль” багийн залуус ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл чиглэлээр төсөл бичин шалгарч бусад залуусаа манлайлан 10 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхээ авлаа.
Мөн “Батаар” багийнхан хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх модон тоглоом үйлдвэрлэх чиглэлээр хоёрдугаар байрт шалгарч орон нутгийн төсвөөс зургаан сая төгрөгийн санхүүжилт авсан бол “Гайхамшигтай сонголт” багийнхан хөөрөг, чулуун сувинер үйлдвэрлэн гадаадын зах зээлд нийлүүлэх чиглэлээр удаалж төрвөн сая төгрөгний санхүүжилт авах эрхээ авлаа. Харин “Буянт учиг” баг оёдол эсгүүрийн сургалтын төв байгуулах чиглэлээр, “Ухаалаг малчин” баг малчдад зориулсан аутсорсинг үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 4, 5 дугаар байруудыг эзлэн тус бүр гурван сая төгрөгийн эрх авчээ. Ийнхүү залуус бизнес эрхлэх гараагаа эхлүүлэхээр болж байна. 
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 8 аймаг, 2 дүүрэгт хэрэгжүүлж байгаа ажээ.
Энэхүү төслийн багийнхан Өмнөговь аймагт залуучуудад сургалт явуулж дээрх таван төсөл шалгарч төслөө хэрэгжүүлэх эрхээ авсан байна. Сургалтанд 15 сумын төлөөлөл 82 залуус оролцсон ажээ.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ