Соёл урлагийн салбарынхан төв талбайд үйл ажиллагаагаа сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-23 13:35:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагаа нь соёл урлагийн салбар байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, шинээр нэвтэрч буй үйлчилгээ цаашид хийх ажлуудыг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох, салбарын хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилготой.

Өдөрлөгт соёл урлагийн 17 байгууллага оролцож, өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж байна.

Тус арга хэмжээг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Соёл бол улс, үндэстний тусгаар тогтолын баталгаа билээ. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар соёлын салбарт онцгой анхаарал хандуулан, холбогдох хууль, тогтоомжийг шинэчлэхээр ажиллаж байна. Та бүхэн дор бүрнээ хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаарай. Амжилт хүсье” гэв.



Мөн уран бүтээлчид тусгайлан зассан тайзан дээр хуваарийн дагуу урлагийн тоглолт хийж талбайд цугласан олонд сонирхуулж байлаа.

Энэ үеэр Үндэсний төв номын сангаас номын сангийн тухай хуулийн талаар мэдээлж, “Үнэт ховор номын үзэсгэлэн”-г үнэ төлбөргүй үзүүлэхийн сацуу “Уран бичлэгийн хямдралтай үйлчилгээ” үзүүлж байв. Мөн “Номын санчийн ширээнд”, “Хамгийн, хамгийн” сэдэвт номын үзэсгэлэн, СГЗ, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүйн гарын үсэгтэй, хямдралтай номын худалдаа зохион байгуулж байлаа.

УДЭТ-ын уран бүтээлчид үзэгчдэдээ зориулан “Миний нутаг” шүлгийг уншин, тус театрт үзэгчдийн хүртээл болсон жүжгийн дууг дуулж сонирхуулсан юм.

“Нээлттэй хаалганы өдөрлөг” 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ