Туркийн цагдаагийнхан удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-30 11:24:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Турк улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг “ТИКА”, тус улсын цагдаагийн газраас манай цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулан  энэ сарын 22-26-ны өдрүүдэд ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвд “Цагдаагийн манлайлал ба удирдах ур чадвар” сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтыг БНТУ-ын Цагдаагийн академийн багш, доктор Өзиылдыз Сэда, Цагдаагийн ерөнхий газрын IV зэргийн дарга, цагдаагийн хурандаа Аяасылы Мурат нар удирдан явуулав. Тэд орчин үеийн цагдаагийн үйл ажиллагааны чиг хандлага, цагдаагийн байгууллагын эрсдлийн болон хүний нөөцийн удирдлага, удирдлагын манлайлал, удирдах арга барил болон ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн 15 удирдах албан тушаалтан хамрагдлаа. Тэд “Орчин үеийн цагдаагийн үйл ажиллагаа”, “Цагдаагийн сургалтын шинэчлэл”, “Турк-Монголын аюулгүй байдлын стратегийн харьцуулалт”, “Хямралын болон эрсдлийн удирдлага”, “Хэлэлцээрийн техник”, Манлайллын тухай ойлголт, манлайлагч удирдагчийн ялгаа”, “Цагдаагийн үйл ажиллагаан дахь стратегийн удирдлага ба манлайлал” зэрэг сэдвээр мэдлэгээ зузаатгажээ.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан, Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжав, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Яазал, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи нар оролцлоо. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА, БНТУ-ын ЦЕГ, Цагдаагийн академи нь Монголын цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ихээхэн дэмжлэг үзүүлж ажилладаг юм гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ