ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-05-30 14:58:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжинд тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.

Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргажээ. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэх юм. Тухайлбал, нийслэлийн 2017 оны Авто замын сангийн хөрөнгөөр ЕБС орчмын гэрлэн дохио, арал, тэмдэг, тэмдэглэгээ, туузан хашлага, хурд сааруулагч, лед самбар зэргийг хийж тохижуулна.

Тодруулбал энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургууль хүүхдэд аюлгүй орчин бүрдүүлэхээр ажлаа эхэлжээ.
 
Үүнд :
 
-  Баянзүрх дүүргийн 102, 48, 84, 137
 
-  Сонгинохайрхан дүүргийн 105, 67
 
-  Сүхбаатар дүүргийн 2, 3, 58
 
-  Баянгол дүүргийн 20,40,93
 
-  Чингэлтэй дүүргийн 117, 24, 61, 17 дугаар сургуульд нийт 850 сая төгрөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлуудыг хийх юм.
Холбоотой мэдээ