Ж.Батсуурийг сайдын үүрэгт ажлаас нь огцрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Ж.Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Монголын төрд хариуцлагын асуудал чухал. Иймд хариуцлага тооцож байгаа асуудлыг дэмжиж байна. Энэ бол салбарын сайдын асуудал биш. Дунд шатны дарга нар иргэдийг хохироодог, авлигын асуудалд ороогддог, багийн зарчмаар ажиллаж чаддаггүй. Өнөөдөр манай улсад боловсон хүчний бодлого маш их дутагдаж байна. Танил талаараа томилгоо хийж байна. Тэдгээр улс нь ажлаа мэддэг бол бас ч яахав. Гэтэл ажлаа огт мэддэггүй. Өмнөх олон жилийн алдааг давтаж болохгүй. Ер нь бүхэлд нь төрийн албыг эргэн харж, шинэчлэлийн салхийг эхлүүлээсэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: -Сайд Ж.Батсуурь хүний өмнөөс огцорч байгаа юм биш биз дээ. Саяхан дэд сайдыг нь АНУ руу Элчин сайдаар томилсон байхад сайд нь огцордог байж болох уу. Огцруулах үндэслэл нь хэр бодитой вэ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: -Ж.Батсуурь энэ салбарыг мэдэхгүй, чадахгүйдээ огцорч байгаа юм биш. Харин салбарынх нь ялзарсан аппарат энэ хүнийг огцрууллаа. Ажлын аппарат нь хайцаалагдаад үлдээд сайд нь огцорч байгаа юм биш биз. Байнгын хороод салбарын яамдын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: -Бусад яам ямар ч алдаа дутагдалгүй ажиллаж байгаа юу. Ж.Батсуурь огцордог юм байж. Тэгвэл яамны аппаратыг солих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Огцруулахыг дэмжихгүй байна. 60 тэрбум төгрөг бүрдүүлээгүй болохоор сайд огцорч байна. Та нар хамгийн ядарсан нэгнээ огцруулж байна. Би хоёр сарын өмнө хоёр хүн нас барсан асуудал дээр нэг сайдыг огцруулья гэсэн боловч та нар яриагүй.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: -Боловсролын салбарын гажуудлыг арилгахад УИХ Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Бага дунд боловсролын чанар өнөөдөр ямар байгаа билээ. Иймд сайдыг огцруулахаас гадна салбарын шинэчлэл хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Зөв жишгийг буруу хүнээр эхлүүллээ. Энэ хүний туршлага мэдлэг монголын төрд хэрэгтэй юм байгаа биз дээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга хийж байсан хүн цөөн байгаа шүү.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Валютын савалгааны асуудал Сангийн яаман дээр байгаа. Цэргийн албан хаагч нас барсан асуудал Батлан хамгаалахын яаманд байгаа. Би шалгалтын тест задруулсан гэх шалтгаанаар Ж.Батсуурь сайдыг огцруулсан гэхэд итгэхгүй байгаа юм. Энэ бол улстөрийн бодлогын хүрээнд сайдыг огцруулж байгаа хэрэг юм. Хэрэв дахин сайд томилвол дан дээлтэй хүнийг сайдаар томилоорой.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сайдыг огцруулах эсэх тухайд санал хураалт явуулахад 64,3 нь дэмжлээ. Үүгээр Ж.Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулав.