Энэтхэгээс авах зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон баталлаа.
Тус зээлийн хүү жилийн 1,75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх юм. Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээшхи дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх аж.
Зээлийн хэлэлцээрт “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон. Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын энэоны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын энэ оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд Сангийн сайд энэ оны 4 дүгээр сарын 27-нд гарын үсэг зурж байгуулаад байна.
Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх ...” гэрээ тул УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Засгийн газрын энэ оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа санал хураалт явуулахад 68 хувь нь соёрхон батлах нь зөв гэж үзлээ.
Б.Туул