Эзэн хаан Акихитог хаан ширээнээс нь буулгах тухай хуулийн төслийг парламентын доод танхим дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-02 14:44:30
ТОКИО./TASS/. Японы парламентын доод танхим баасан гарагт Японы эзэн хаан Акихитог хаан ширээнээс нь буулгаж,  угсаа залгамжлагч ханхүү Нарүхитод эрх мэдлийг нь шилжүүлэх тухай тусгай хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төслийг Либерал Ардчилсан нам болон эрх баригч эвсэлд багтдаг “Шинэ Комэйто” намаас сонгогдсон депутатуудын олонх нь дэмжсэн байна. 

Үүний дараа уг төслийг эрх баригч эвсэл олонх болсон парламентын дээд танхимаар хэлэлцүүлэхээр илгээх юм. Хуулийг 6 дугаар сарын дундуур өндөрлөх одоогийн чуулганаар батлах төлөвтэй байна.

Хуулийн төсөлд тусгаснаар, Акихито хаан ширээнээсээ буусан ч гэсэн “эрхэм дээдэс” цолоо хэвээр хадгалах ба түүний хангамж болон бусад эрх ямба нь хэвээр үлдэх юм. Үүний зэрэгцээ Акихитог “Зёко” буюу “эзэн хаан асан” гэж дуудах бол эзэн хааны эхнэрийг “Зёкого” гэх ажээ.

Хуулийн төслийг баталснаас хойш гурван жилийн дотор хааныг ширээнээс нь буулгах ёслол болох ёстой ба Японы хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар, уг үйл явдал 2018 оны 12 дугаар сард болох төлөвтэй байна.

Хуулийн төслийг өдгөө 83 настай Акихитод тусгайлан зориулж боловсруулсан байна, учир нь Засгийн газар Эзэн хааны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсээгүй аж. Нэмэлт өөрчлөлт оруулах нь цаашдаа эзэн хаанд улс төрийн нөлөөлөл үзүүлж болзошгүй нөхцөл байдлыг бий болгоно гэж Японы эрх баригчид үзсэн байна. 

Акихито 1933 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн бөгөөд эзэн хаан Хирохито /1901-1989/, хатан хаан Нагако /1903-2000/ нарын гэр бүлд төрсөн долоон хүүхдийн ууган юм.
О.Барс 

 

 

 


Холбоотой мэдээ