Йеменд булчин задрах тахлаар 600 орчим хүн нас бараад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-06-03 18:14:47
САНАА. /Reuters/. Дайны хөлд нэрвэгдсэн Йемен улсад холер өвчин буюу булчин задрах тахлын тархалтыг дарахаар эмнэлгийн ажилтнууд цаг нартай уралдаж байна гэж НҮБ анхаарууллаа.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ өнөөдөр мэдэгдэл хийхдээ “тус улсад 70 мянган хүн холерын халдвар авсны 600 орчим нь нас бараад байна” гэв.

Сэжиг бүхий олон тохиолдол бүртгэгдсэн учир халдвар авагсдын тоо ирэх хоёр долоо хоногийн дотор 130 мянгад хүрч нэмэгдэж болзошгүй гэж ЮНИСЕФ анхаарууллаа.

Саудын Арави тэргүүтэй эвслийн хүчний дэмжлэгтэйгээр Йемений засгийн газрын хүчнийхэн сөрөг хүчний цэргүүдтэй байлдаж байгаа энэ үед булчин задрах тахал хурдацтай тархаж байна.

Хоёр жил гаруй өмнө эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний уршгаар ус цэвэршүүлэх байгууламжууд болон бусад дэд бүтэц эвдэрч гэмтсэн нь эрүүл ахуйн байдлыг эрс муутгасан юм.

Булчин задрах тахал бол бохир ус, хоол хүнсээр дамждаг, цаг агаар дулаарах үед тархалт нь идэвхждэг өвчин юм. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин задрах тахал туссан тохиолдолд яаралтай арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай.
 
Зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, улс төрийн тохиролцоонд хүрэхийг Йемений холбогдох талуудад ЮНИСЕФ-ийн Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүс нутаг хариуцсан газрын захирал Герт Каппелере уриаллаа.

Г.Доржханд


Холбоотой мэдээ