Боб Дилан Нобелийн шагналыг дагалдах мөнгөн шагналыг авах болзлыг хангажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-06-06 13:01:05
ЛОС-АНЖЕЛЕС./VOA/. 2016 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон Америкийн дуучин, ая зохиогч Боб Дилан илтгэл тавьснаар Нобелийн шагналыг дагалдах  8 сая швед крон буюу 900 мянган долларын мөнгөн шагналыг авах болзлыг хангалаа.

Б.Дилан өөрийн тавьсан илтгэлээ дуу хураагчийн хальсанд бичээд Нобелийн сан руу өнгөрсөн ням гарагт илгээжээ. Түүний тавьсан 27 минутын илтгэлийг тус сан өчигдөр цахим хуудсандаа тавьсан байна.

Б.Дилан илтгэлдээ “Нобелийн утга зохиолын шагналыг надад өгөхөөр болсон гэдгийг би анх сонсоод “миний дуу утга зохиолтой ямар хамааралтай юм бол? гэж гайхаж байсан. Тиймээс энэ шагналыг авах эсэхээ бодох хугацаа надад хэрэгтэй байсан” гэжээ.

Тэрбээр өөрийнхөө уран бүтээлийн сэдвийг “дайны үеийн харгислал ба байгалийн үзэсгэлэнт байдлын тухай” гэж тодорхойлжээ.

“Миний дуу хүмүүсийн сэтгэлд хүрч чадаж байвал түүнээс өөр хүсэх юм надад алга. Утга зохиолоос ялгаатай нь дууг уншдаггүй. Харин дууг дуулдаг ” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцоогүй учир түүнийг энэ шагналыг авахаас татгалзаж байж магадгүй гэж зарим хүн таамаглаж байсан билээ.
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ