Иргэд шүүхээр үйлчлүүлэх нь банкнаас үйлчилгээ авахтай адил болсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-08 17:17:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймаг дахь шүүхийн  "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн  нээлт өнөөдөр боллоо.

"Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбек, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр болон шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд оролцов.

 Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төвийг шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зорилгоор тохижуулжээ.

Тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчныг хангаснаараа уг төв  чухал ач холбогдолтой юм.

Баян-Өлгий аймаг 102 мянган хүн амтай. "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтэд оролцсон иргэд 'Шинэтгэлийн хүрээнд шүүх нээлттэй, ил тод болсон. Одоо үйлчилгээний байгууллага болон төлөвшиж байгаад баяртай байна. Нэхэмжлэл гаргах, өргөдөл бичих бүх зааврыг байршуулжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээр үйлчлүүлэх, банкнаас үйлчилгээ авахтай адил болсон байна. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай уулзахад ч хялбар болсон нь таатай санагдлаа” хэмээн тодотгожээ.
Ж.Батсайхан

Холбоотой мэдээ