"Лучиа Ди Ламмермур" дуурь маргааш УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-09 15:35:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид 2015 онд урын сангаа Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн "Лучиа Ди Ламмермур" хэмээх гурван бүлэгт эмгэнэлт дууриар баяжуулсан билээ. Тэгвэл тус бүтээлийг маргааш сонгодог урлаг сонирхогчдод толилуулах гэж байна.

Энэ дуурь нь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан тул дэлхийн хөгжмийн түүхэнд ихэд алдаршжээ. Г.Доницетти энэхүү бүтээлээ бичиж ийнхүү алдарт хүрсэнд түүний хөгжмийн зохиолчийн нэр хүнд төдийгүй тухайн үед Шотландыг ихээхэн сонирхож байсан Европын бусад улс орнуудын улс төрийн сонирхол ихээхэн нөлөөлсөн гэж түүхчид үздэг байна. "Лучиа Ди Ламмермур" дуурийн анхны тоглолт 1835 оны 9 дүгээр сарын 26-нд Наплесийн "Teatro San Carlo" театрт болжээ.

УДБЭТ-ын уран бүтээлчид энэхүү дуурийг БНСУ-ын найруулагч Ан Ху Воны найруулгаар анх удаа тавьсан бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирдаж, тайз чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун нар бүтээсэн юм.
Энэхүү дуурь нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог хүнд ари, уянгалаг хөгжмөөрөө алдартай бүтээл юм. Үйл явдал Шотландын зүүн өмнөд хэсэгт эрх мэдэл, хөрөнгө мөнгө, хар буруу санааны золиос болсон хайр дурлалын тухай өгүүлэх юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ