Ундны усыг орон нутагтаа шинжлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-12 11:11:39
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга З.Энхтөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгасан ажлуудын нэг бол ундны усны зөөврийн лабораторийн тоног төхөөрөмжийн асуудал байсан. Тэгвэл шадар сайдын багцаас хөрөнгө шийдэгдэж, улмаар 15 сая төгрөгийн өртөг бүхий ундны усны зөөврийн тоног төхөөрөмжийг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, аймгийн засаг даргын хамтаар Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-т хүлээлгэн өглөө. Ингэснээр аймаг сумдын бүх худгийг, цаашлаад малчдын хотод нь очиж ундных нь усыг шинжлэх бүрэн боломжтой боллоо.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймагт ажилласан. Энэ үеэрээ аймгийн МХГ-ын ажилчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсож, цаашлаад үүрэгт ажлаа хариуцлатай, нэр төртэй хийхийг анхааруулав. Мөн ундны усны зөөврийн тоног төхөөрөмжөөс гадна байршил тогтоогч, яриа хураагч зэрэг нийт 60 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэглийг гардуулан өгсөн юм. Аймгийн МХГ нь зөөврийн тоног төхөөрөмжгүйн улмаас орон нутагтаа ундны усанд нэг бүрчлэн шинжилгээ хийх боломжгүй байсан. Өмнө нь уснаас дээж авч Улаанбаатар хотруу төв лабораторид явуулж шинжлүүлдэг байсан бол одооноос орон нутагтаа, ундны усыг газар дээр нь шинжлэх боломж бүрдсэнд мэргэжлийн хяналтын байцаагчид төдийгүй иргэд баяртай байна.
МХЕГ-аас хамгийн сүүлд 2014 онд Сүхбаатар аймгийн сумдын зарим худагт шинжилгээ хийсэн байна. Уг шинжилгээний дүнгээр арваад худаг ундны усны стандартын шаардлага хангахгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Аймгийн засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд мөн бүх сумд болоод аж ахуйн нэгж, албан байгууллагуудтайгаа гэрээ байгуулсан. Аймгийн МХГ-тай хүн амын ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээндээ тусгажээ. Уг гэрээнд мөн дээрх ундны усны зөөврийн тоног төхөөрөмж нэн шаардлагатай хэмээн тусгагдсан байсан юм.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ