Колумбын босогчид зэвсгийнхээ 60 хувийг хураалгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-14 09:13:54
БОГОТА./TASS/. Колумбын босогчдын “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” /КХЗХ/  бүлэглэл НҮБ-ын төлөөлөгчдийн хяналтын дор Засгийн газартай байгуулсан энхийн хэлэлцээрийн дагуу зэвсгийнхээ 60 хувийг хураалгажээ. Энэ тухай мягмар гарагт Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдсэн байна.

“Өнөөдөр маш чухал алхмыг хийж чадлаа, КХЗХ-ийн зэвсгийг хураах хоёр дахь үе шат явагдаж, зэвсгийн 30 хувийг хураан авлаа. Тус бүлэглэл одоогийн байдлаар зэвсгийнхээ 60 хувийг хураалгаад байна. Ирэх долоо хоногт зэвсгээ 100 хувь хураалгах болно. Энэ бол хоёр талын зөвшилцөн тохирсон хэлэлцээрийн нэг хэсэг юм” гэж Ерөнхийлөгч тэмдэглэн хэлжээ.

“Түүхэн өдөр тохиож байна, учир нь ердөө хэдхэн жилийн өмнө ийм үйл явдал болно гэдэгт итгэх аргагүй байсан. Гэсэн хэдий ч Засгийн газар болон босогчдын төлөөлөгчдийн хийсэн ажлын үр дүнд ийм боломж бий боллоо. Дайныг үргэлжлүүлэх нь энхийг тогтоохоос хавьгүй хэцүү гэдгийг би байнга хэлдэг” гэж Колумбын төрийн тэргүүн ярилаа.
О.Барс 

 




Холбоотой мэдээ