Америкийн алдартай генерал Паттоны цагийг дуудлагаар худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
jargal@montsame.mn
2015-10-30 16:50:00

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн алдартай генералуудын нэг болох Жорж Паттоны халаасны алтан цагийг Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар 137 мянган доллароор худалджээ.

Энэ цагийг  Вест-Пойнт цэргийн академийг төгссөнийх нь дараа Паттонд эцэг, эх нь бэлэглэж байжээ. Тэрбээр уг цагийг 1916 онд Мексикт явуулсан цэргийн ажиллагааны үеэр, мөн Дэлхийн нэгдүгээр дайн дуусах үед Америкийн танкийн корпусыг командалж байхдаа зүүж байсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд генерал Паттон Хойд Африк, Сицил, Франц, Герман дахь Америкийн цэргүүдийг удирдаж байжээ. Тэрбээр 1945 оны 12 дугаар сарын 21-нд Германд автомашины осолд орж нас барсан байна.

Паттоны цагийг түүний ач хүү дуудлага худалдаанд тавьжээ. Генералын цагийг худалдан авсан хүний нэрийг нууцалсан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ