УИХ 2015 оны төсвийн тодотголыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-30 17:39:43

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Өөрөөр хэлбэл, тус хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав ба дөрөв дэх хэлэлцүүлгийг хийн батлав.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүссэн. Иймд төсвийн орлогыг бодитойгоор тооцох, баталсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүссэн тул энэхүү хуулийг Засгийн газар энэ сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлснийг өнөөдөр ийн шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэхүү хуулийн өмнө хэлэлцэн баталсан. Тус хуулинд төсвийн тодотголын хууль батлагдсан өдрөөс дэд сайдын орон тоог цомхотгохоор заасан юм. Ийнхүү төсвийн тодотголыг баталснаар буюу өнөөдрөөс эхлэн Засгийн газар дэд сайдгүй ажиллах болж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ