Катодын цэвэр зэсийн үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:49:17

“Зэс Эрдэнийн хувь” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран ажиллах гэрээнд үзэглэлээ.  Ингэснээр “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн катодын цэвэр зэс үйлдвэрлэх түүхий эд бэлэн боллоо гэсэн үг юм.  

“Зэс Эрдэнийн хувь” ХК нь 2010 оны 6 дугаар сарын 21 –нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх зорилготойгоор байгуулагдаж байсан юм. Компанийг иргэдийн хөрөнгөөр буюу хувьцаа худалдах зарчмаар байгуулсан. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн 22 мянган иргэн 24 сая хувьцаа эзэмшиж байна. 2013 оны 5 дугаар сарын 6-нд тус компани аймгийн ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулж 12, 8 а овоолгыг ашиглах эрх нээгдсэн юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсэд буюу 60.5 га газарт үйлдвэрийн байр барих зөвшөөрөл авсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт хийгдсэн гэрээгээр “Зэс Эрдэнийн хувь” ХК  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  технологийн бус 12, 8а овоолгын 20 сая тонн исэлдсэн хүдэр ашиглах боломжтой боллоо. Үүний дараа үйлдвэрээ барина гэж “Зэс  Эрдэнийн хувь” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Алтанхуяг хэллээ.

Үйлдвэр барихад 90 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд уг мөнгийг зээлэхээр судалж байгаа ажээ. Одоогийн байдлаар Хятад, Америк, Чех улс хөрөнгө оруулалт хийх саналаа ирүүлсэн гэнэ. Хэрэв уг үйлдвэр ашиглалтад орвол жилд 5000 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж улсын төсөвт 7 тэрбум төгрөгийн татвар төлөх нөхцөл бүрдэнэ. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ