Аянганаас үүссэн түймэр таван удаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-28 08:17:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны өдөр тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон холбогдох албаны хүмүүс хамтран түймрийг бүрэн унтрааж чаджээ. Түймрийн шалтгаан нь аянганаас үүссэн байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар аянганаас үүсэн таван удаагийн түймэр гарсан бөгөөд энэ нь хуурайшилт их байгаатай холбоотой юм.
Эрэдэнцагаан сумын төвөөс 75 километрт, долоодугаар багийн “Шилийн цагаан”  гэдэг газар хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлагаар тус сумын гал түймэр унтраах 47 дугаар ангийн нэг автомашин 10 алба хаагчид ажиллан түймрийг бүрэн унтраажээ. Уг хээрийн түймэр гарсан шалтгаан нь мөн л аянга гэнэ. Түймрийн улмаас 18000 га талбай шатжээ.
Мөн 06 дугаар сарын 25-ны энэ өдөр Асгат сум Гогцоо гэдэг газарт хээрийн түймэр гарч, Дарьганга сумаас нэг автомашин 15 иргэн, аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-аас нэг автомашин 12 алба хаагч ажиллаж унтраасан байна. Нийт талбай 3000 га талбайг хамарсан түймрийн шалтгаан нь аянга гэж үзэж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага шалтгааныг албан ёсоор тогтоохоор ажиллаж байна. 2017 эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд 10 удаа хээрийн түймэр гарч 40701 га талбай шатсан байна. Шалтгаан аянганаас таван удаа, ил галаас нэг удаа, үнс нурамнаас нэг удаа, шалтгаан тогтоогдоогүй хоёр хээрийн түймэр гарсан байна.
Сүхбаатар аймгийн нийт нутгаар хур бороо багатай, хуурайшилт ихтэй байгаа нь ийнхүү гал түймэр гарах гол шалтгаан болж байгааг ОБГ-аас мэдээллээ.
Т. Одончимэг
 
 
Холбоотой мэдээ