Г.Халиунаа Зүүн Азийн аваргаас дөрвөн алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-05 14:52:42
Дорноговь /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 17-ноос 26-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо болсон зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн өсвөрийн шатарчин Г.Халиунаа 10 насны ангилалд авьяас чадвар, оюун ухаанаа сорин блиц, рапид, стандарт, багийн гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж дөрвөн алтан медаль хүртлээ.
Тамирчин охин энэ амжилтаараа дэлхийн Шатрын холбооны дэд мастерын /WCM/ болзол хангав. Уг тэмцээнд 10 орны 508 шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангиллаар есөн өдрийн турш өрсөлдсөн байна. Г.Халиунаа  тэмцээнд оролцсон 508 тамирчнаас бүх төрөлд түрүүлсэн цор ганц тамирчин болсон нь түүхэнд үлдэх амжилт болжээ.
Түүний дасгалжуулагчаар шатрын спортын мастер Б.Ариунбүүвээ ажилласан аж.Дашрамд дурдахад 2015  онд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Чалкидики хотод болж 92 орны 1615 тамирчин зургаан насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөхөд эх орноо төлөөлж оролцсон Г.Халиунаа 11 өргөөс  долоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдож 7.5 оноогоор 11 дүгээр байрт шалгарч байв.Тэрээр Сайншанд сумын II сургуулийн 5А ангийн сурагч бөгөөд  2015 оны улсын аварга шилдэг тамирчин юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ