ҮТП шинэ санаа, мөнгө хоёрыг холбож өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-05 17:12:48
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн паркаас санаачлан аймгийн ЗДТГ-тай хамтран жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхлэгчидтэй уулзалт ярилцлага хийлээ. Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн санал бодол, зөвлөгөө, тулгамдаж буй асуудлыг үйл ажиллагаандаа тусгах, паркын мэдээллийн баазыг бүрдүүлэх нь энэхүү уулзалтын гол зорилго юм.   

“Манай ҮТП байгуулагдаад нэг сар болж байна. Тиймээс эхний ээлжинд паркынхаа үйл ажиллагаагаа хүмүүст хүргэх, энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжийг судлах чиглэлээр бид энэхүү уулзалтаа зохион байгуулж байна. Уулзалтаас бид хоёр үр дүнг хүлээж байгаа. Нэгдүгээрт, үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбоотой суурь мэдээллийг бий болгох, хоёрдугаарт, бид өөрсдөө үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах ямар боломж байна гэдгийг эрэлхийлж байгаа юм. Ер нь хараад байхад зарим хүмүүс нь мөнгөтэй байна, харин зарим нь шинэ шинэлэг санаачлага дэвшүүлж байна. Үүнийг л холбож хэрэгжүүлэх ажлыг бид хийнэ. Төсөл хөтөлбөр боловсруулсан иргэдийг дэмжиж, хөрөнгө оруулагчтай холбож өгөх ажлыг хийх юм. Ингэхийн тулд бид бүгдийн хамтын ажиллагаа маш чухал. Цаашид ийм төрлийн уулзалт ярилцлагыг тогтмол хийнэ гэж бодож байгаа...” хэмээн Сүхбаатар хөгжил ҮТП-ын гүйцэтгэх захирал Т. Шинэхүү хэллээ.

Уулзалт ярилцлаганд Монголбанкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр оролцож, бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд эдийн засаг талаасаа хэрхэн анхаарах шаардлагатай талаар мэдээлэл өгсөн. “Аймагтаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар бид олон жил ярьсан. Харин энэ жил ҮТП-аа байгуулаад авлаа. Энэ бол том эхлэл. Одоо харин иргэд төсөл хөтөлбөрөө боловсруулж ҮТП-ын мэргэжилтнүүдэд танилцуулж, банк санхүүгийн зүгээс бид хянаад ингээд хамтран ажиллах эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Үндсэн зорилго бол энэ аймаг юу хэрэглэдэг юм, энэ аймгаас ямар бүтээгдэхүүн гадагш гаргах боломжтой юм гэдэг талаар илэн далангүй ярилцаад, гарцыг тодорхойлох юм. Эхний үйлдвэрлэлээ амжилттай эхлүүлээд тодорхой үр дүнд хүрэх юм бол, дараа дараагийн ажлууд амжилттай болно гэдэгт итгэлтэй байна...” гэдгийг тэрээр онцолсон юм.

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү үйлдвэрлэл технологийн парк байгуулагдсан. Гэхдээ энэ бол төр бизнес эрхлэнэ гэсэн үг биш. Төр засгийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих замаар орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлж, ард иргэдээ ажилтай орлоготой болгох юм. ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж, хамтарч ажиллах гол чиглэл нь хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, үйлдэрлэл эрхлэхэд шаардлагатай газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт дээр хамтран ажиллах зэргээр дэмжих юм.
Т. Одончимэг
 
 
 
Холбоотой мэдээ