31 дүгээр жемборид Сүхбаатараас 140 орчим хүүхэд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-18 16:32:58
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн 31 дүгээр жемборид Сүхбаатар аймгаас 137 хүүхэд оролцохоор бүртгүүлжээ. Арван хүүхэд тутмыг нэг багш хариуцах бөгөөд 15 багш гээд нийт 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 26-ны өглөө замдаа гарна. Жемборид оролцогчдын унааны асуудлыг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэж өгсөн байна.

Энэ онд манай улсад болох хүүхэд залуучуудын хамгийн том арга хэмжээ бол Ази, Номхон далайн 31 дүгээр жембори юм. Дэлхийн 30 гаруй орны 2000 орчим, Монголын 4000 орчим хүүхэд, залуучуудыг хамрах тус арга хэмжээнд Сүхбаатар аймгаас оролцох баг бүрэлдэхүүн бэлэн болжээ. 137 хүүхэд, 15 багшийн хамт аймаг орон нутгийнхаа мянга мянган хүүхэд залуучуудыг төлөөлөн өөрийн соёл, ёс заншлаа сурталчлах юм.

“Жемборигийн бүртгэл хавар эхэлсэнээс хойш өдийг хүртэл манай хүүхдүд үнэхээр идэюхтэй сайн байлаа. Өнгөрсөн жил Монголын ОУ-ын хоёрлугаар жемборид манай аймгас хамгийн олон буюу 67 хүүхдүүд оролцож байсан. Харин энэ жил бид дээрх тоог нэг нугалсан байна. Энэ бол эцэг эхчүүдийн хандлага өөр болсныг харуулж байгаа том жишээ юм. Ер нь манай эцэг эхчүүд, томчууд хүүхдийн оролцооны бйагууллагын үйл ажиллагааг маш сайн дэмжиж, тэр хирээрээ хүүхдүүдээ хамруулдаг болсонд үнэхээр талархалтай байгаа. Эрдэнэцагаан, Мөнххаан сумдаас хамгийн их хүүхэд хамрагдаж байгаа. Бид яг одоогоор бэлтгэлээ хангаж байна. Энэ сарын 26-ны өглөө замдаа гарна. Анх Монголын скаутын холбоонаас төлөөлөл ирж аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэр аймгийн засаг дарга аймгийнхаа оролцогчдын унааны асуудлыгшийдэж өгъе гэж байсан. Энэ амлалтандаа ч хүрч гурван сая төгрөгөөр орон нутгийнхаа тээврийн компани болох Дарьганга өртөө хоршооноос гурван автобусыг бидэнд гаргаж өглөө. Энэ бол маш том дэмжлэг...” хэмээн аймгийн Скаутын зөвлөлийн дарга Э. Идэрцэцэг хэллээ.

Тус арга хэмжээнд Эрдэнэцагаан сумаас 40, Мөнххаан сумаас 31 хүүхэд гээд хамгийн олон оролцогч хамрагдах бол, үлдсэн нь Онгон, Баруун-Урт, Түвшинширээ, Дарьганга сумаас бүртгүүлжээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ