Хотын гэрэлтүүлгийг 11 сая төгрөгөөр засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-19 22:50:53
 Увс /МОНЦАМЭ/ Улаангом сумын нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээнд зориулж 11 сая төгрөг батлагдсан байна. Энэ мөнгөөр Улаанбаатар хотоос 8 төрлийн запас сэлбэгийг татан авч гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний ажлыг Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газраас эхлүүлээд байна. Уг нь тус байгууллагаас “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн гэмтлийг тогтоож, засварлах ажлыг наадмын өмнө хийсэн байна. Гэвч хотын гэрэлтүүлэг бүрэн хэмжээгээр асахгүй байсан юм. Шалтгаан нь газар доорхи кабелийн гэмтэл, толгойн гэмтэл, машин техник шүргэж мөргөсөн, гэрлийн шитыг санаатайгаар эвдлэх, чанаргүй утсаар гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн зэрэг шалтгаанаас үүдэлтэй аж. Ямартай ч одоогоор запас сэлбэг ирсэн тул гудамжны гэрэлтүүлгийг бүрэн хэмжээгээр асааж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрт хийж амжуулах боломж бүрдээд байна. “Улаангом хотын иргэд нийтийн эзэмшлийн хөрөнгийг хайрлан хамгаалж, санаатайгаар гэмтэл учруулж байгаа иргэдийг 70454789 дугаар утсанд мэдээлж бидний ажилд туслан хамтарч ажиллахыг хүсье” хэмээн Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас мэдэгдлээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ