"Аль-Шабааб" бүлэглэлийнхэн хүмүүнлэгийн 7 ажилтныг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-25 10:54:29
МОГАДИШУ. /Anadolu/. "Аль-Каида" бүлэглэлийн холбоотон болох "Аль-Шабааб" босогчдын бүлэглэл Сомали улсад ажиллаж байсан хүмүүнлэгийн 7 ажилтныг барьцаалан, 8 хоногийн турш хорьсныхоо дараа даваа гарагт сулласан байна гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Эдгээр хүмүүнлэгийн ажилтнуудыг нийслэл Могадишу хотоос 250 км-т орших Байдоа хотын ойролцоогоос 7 дугаар сарын 16-ны өдөр хулгайлсан юм. Даваа гарагт "Аль-Шабааб" бүлэглэлийнхэн хүмүүнлэгийн ажилтнуудыг сулласан тухай Байдоа хотын Үндэсний аюулгүй байдал, тагнуулын агентлагийн дарга Мухамед Исак Ибрахим утсаар мэдээлсэн байна.

Исакийн ярьснаар, хүмүүнлэгийн 7 ажилтан даваа гарагт суллагдаж Байдоа хотод эсэн мэнд ирсэн бөгөөд 2 эмэгтэй, 5 эрэгтэй ажилтан байжээ. 

Тэднийг хулгайлсан бүлэглэлийнхэн зэвсэг өгөхийг шаардсан бөгөөд уг шаардлагыг нь биелүүлж зэвсэг өгсний дараа барьцааны хүмүүсийг сулласан гэж нэрээ нууцалсан цагдаагийн албан хаагч ярьсан байна.
Х.Сарнай

 
Холбоотой мэдээ