ДЭМБ: В болон С вирусийг 2030 он гэхэд бүрэн устгах боломжтой

Дэлхийд | Эрүүл мэнд
sarnai@montsame.mn
2017-07-28 14:23:05
ЖЕНЕВ. /VOA/.   2030 он гэхэд гепатит В,С вирусийг бүрмөсөн устгахын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг Дэлхийн Гепатиттай тэмцэх өдрийн өмнөх өдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ уриаллаа.

“Элэгний хатуурлаас эхлээд элэгний хорт хавдрын шалтгаан болсон энэхүү өвчний оношилгоо, эмчилгээ, болон түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх аваас энэ зорилтод хүрч чадна” гэж уриалгад онцлон дурдсан байна.
 
ДЭМБ-ын мэдээлснээр, 2015 онд гепатит В,С вирусээр 325 сая хүн өвчилж, 1.34 сая хүн нас барсан байна. Вирусуудыг устгахын тулд 2030 он гэхэд халдварлалтыг 90 хувиар, нас баралтыг 65 хувиар бууруулах хэрэгтэй байгааг ДЭМБ дурджээ.
 
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, улс орнуудын зүгээс улс төрийн хүсэл зориг гарган хөрөнгө оруулалт хийх аваас дэлхий даяараа энэ өвчнөөс салж чадах ажээ. Ихэвчлэн Африк болон Баруун Номхон далайн бүс нутгийн иргэд олноороо өртдөг гепатит В вирусээс нялх хүүхдүүдэд вакцин хийснээр урьдчилан сэргийлж болно гэж үзэж байгаа юм.
 
Гепатит С вирусийн тухайд  ДЭМБ-ын Дэлхийн Гепатитийн хөтөлбөрийн тэргүүн Готфрид Хирншоллын хэлснээр, энэ өвчний эмчилгээнд томоохон ахиц гарч байгаа аж. Тэрбээр “жилд ойролцоогоор 400 мянган хүний аминд хүрдэг энэ өвчнийг анагаах эмчилгээ дөрвөн жилийн өмнө огт байгаагүй. Түүнээс хойш хувьсгал гарсныг бид харлаа. Зах зээлд маш сайн эмүүд нийлүүлэгдэж байна. Эдгээр эмнүүд нь гаж нөлөө маш багатай. Ердөө гуравхан сарын хугацаанд эдгээр эмийг уухад уусан хүмүүсийн 95 хувь нь эдгэрч байсан. Түүнчлэн өвчний эхний шатанд эдгэрээгүй өвчтөнүүдэд өгч болох эмүүд бидэнд бий" хэмээн ярилаа.
 
Г.Хирншоллын хэлснээр, одоо гол бэрхшээл бол тухайн эм 84 мянган ам. долларын үнэтэй гэдэгт байгаа аж. Гэхдээ хөгжиж буй орнуудад энэ эмийн үнэ 260-280 доллар болж буурсан байна.
 
Дэлхий даяар гепатитын тархалтын 70 хувийг эзэлж буй 28 оронд хийсэн судалгаагаар, гепатитийн эсрэг хөдөлгөөн эрч хүчээ авч байгаа ажээ. Бараг бүх улс оронд төрийн өндөр дээд түвшинд гепатиттай тэмцэх тусгай хороо байгуулагдаж, улс орнуудын талаас илүү хувь нь хөрөнгө мөнгө босгож байна.
 
Х.Сарнай 
 

.
 
Холбоотой мэдээ