Аймгийн угсаатны зүйн музейд төрийн таван далбааг залав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-28 16:49:48
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Монгол Улсын найм дахь ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн Монгол Улсын төрийн таван далбаа, хүндэтгэлийн дэвтэрийг аймгийн Угсаатны зүйн музейд заллаа. Энэхүү үйл ажиллагааг түүний ач хүү Ш. Цогтоо санаачлан зохион байгуулсан бөгөөд, төрийн таван далбааг хосоор нь залсан гурав дахь газар нь Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей боллоо.

1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний /Богд хааны/ далбаа, 1921-1924 оны анхдугаар Үндсэн хуулийн далбаа, 1940, 1960, 1990-1992 оны шинэ үндсэн хуулийн далбаа гээд Монгол Улсын товч түүх болсон таван далбаа, мөн Анхдугаар үндсэн хууль ба төрийн нэрт зүтгэлтэн, ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав гэсэн хүндэт дэвтрийн хамтаар аймгийн Угсаатны зүйн музейд хүлээлгэн өглөө. “Энэ бол Монгол Улсын товч түүх юм. Өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан бүтээлгэсэн эдгээр шүтээнээ өөрийнх ньтөрөлх нутагт, түүхэн ойн өдөр нь залж байгаад баяртай байна. Хүндэтгэлийн дэвтэрт Ц.Жигжиджавтай холбоотой олон нууц баримтууд дэлгэгдсэн байгаа. Аймгийн маань музей сайхан хадгалж, авч яваасай гэж хүсэж байна. Мөн нутгийн ард иргэд музейгээр орж хүндэтгэлийн дэвтрийг уншиж танилцан Ц.Жигжиджав гэдэг хүний талаар илүү их мэдээсэй гэж хүсч байна...” Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын ач хүү  Ш.Цогтоо хэллээ.

Харин аймгийн Угсаатны зүйн музейн дарга Д.Ариундэлгэр хэлэхдээ “Манай музейн хосгүй үзмэр нэгээр нэмэгдэж байгаад үнэхээр их баяртай байна. Монгол Улсын ерөнхий сайд Ц.Жигжиджав гэдэг хүн хэдийгээр манай аймгийнх гэдэг боловч энэ хүнтэй болоод анхдугаар үндсэн хуультай холбоотой ямар ч дурсгал манай музейд байгаагүй. Аймаг сумынхаа түүхэн ойгоор хамгийн үнэтэй бэлгийг манай байгууллага авлаа гэж бодож байна. Бид энэхүү бүтээлийг хүндэтгэлтэйгээр тусгайлан залах болно...” гэлээ.

Энэхүү таван далбаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Төрийн ордонд тус тус байдаг байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ