Найрамдалт харилцаатай хотуудын сурагчид Монголын түүх соёлтой танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-08-02 16:44:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын сурагч солилцоо-2017” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг хотуудын шилдэг багш, сурагчид манай улсад хүрэлцэн ирээд байна.

Хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцож буй багш, сурагчдын төлөөллийг нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хүлээн авч уулзав.

Тэрбээр, “Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн ЗДТГ-аас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж буй  сурагч солилцооны хөтөлбөр юм. Энэ жил 4 улсын 4 хотын нийт 52 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байна. Энэ удаагийн хөтөлбөрт монгол соёл заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтыг түлхүү оруулсан. Улаанбаатар хотын хүүхдүүд Эрхүү, Хөх хот, Намьянжү, Мияконожо хот руу зочлон очдог. Хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг. Цаашид Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно. Улаанбаатар хотод байх 7 хоногийн хугацаандаа Монгол Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, сайхан амраад нутаг буцахыг ерөөе” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Холбоотой мэдээ