Баян Вандан гэлэнгийн удмынхан ургийн баяр хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-07 16:31:43
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Баян Вандан гэлэнгийн 13 хүүхдийн ургийн баяр болж, 700 шахам ахан дүүс цуглан, хамгийн ахмад Б.Нянтайн 90 насны ойг тэмдэглэлээ. 

Түшээт хан аймгийн Баруун гүний хошууны нутгийн Очирваанийн тахилгатай Наран тээгийн овоог тахиж, бэсрэг наадам хийлээ. Энэ удмын хүн болох Ц.Анандбазарын “Сод Монгол” группийн ивээн тэтгэсэн наадмын хүчит бөхийн барилдаанд Могод сумын харьяат аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлж, Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар үзүүрлэлээ. Соёолон морьдын уралдаанд Улаанбаатар хотын харьяат Н.Ариунсангийн хонгор, дааганы уралдаанд Хутаг-Өндөр сумын Т.Октябрын хул түрүү магнайд ирлээ.
Ургийн баярт оролцогчид Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт зөөврийн компьютер, проектор, сумын дундын хүн эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат бэлэглэсэн юм.
Баян Вандан гэлэн гэдэг хүн 1849 онд төрсөн бөгөөд 1920-иод оны үед 1600 шахам мал тоолуулж байсан аж. Тэдний үр удмаас эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, Төрийн шагналт зохиолч З.Дорж зэрэг эрдэм номын билэг авьяастан, урлаг, спортын олон алдартай хүмүүс төрсөн аж. Эдүгээ энэ удам, ургийн 2000 гаруй хүмүүс Улаанбаатар хот, Булган, Архангай, Хөвсгөл, Орхон зэрэг аймагт амьдарч байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ