Н.Айшолпан охин 2017 оны Азийн “GAME CHANGER” шагнал хүртэхээр болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-09 16:45:25
НЬЮ-ЙОРК. /AsiaSociety.org/. "Asia Society" олон улсын ашгийн бус байгууллага  2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулахаар болсноо өчигдөр буюу мягмар гарагт зарлажээ.

Шагнал хүртэх болсон есөн хүний нэгээр Монгол улсын иргэн, бүргэдээр авлагч Айшолпан Нургайв охин тодорсон байна. Хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлэн энэ шагналыг өгөхөөр шийдсэн гэж тус байгууллага тайлбарлажээ.

Шагналд нэр дэвшигчдийг "Asia Society"  байгууллагын дэлхий дахин дахь салбарын 1,000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст энэ шагналыг 2014 оноос олгож эхэлжээ.
 
Энэ жилийн шагналыг буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай болон боловсролын "Sesame Street" байгууллага хүртэхээр болсон байна.

“Asia Game Changer Awards” шагналыг гардуулах ёслол энэ оны 11 сарын 1-нд Нью Йорк хотноо болно.
Г.Доржханд
Холбоотой мэдээ