Сүхбаатар суманд Баялаг бүтээгчдийг дэмжих салбар зөвлөл байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 12:43:20

Сүхбаатар сумын Баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөн өнгөрсөн ням гарагт аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн Долгио” чуулгын байранд амжилттай зохион байгуулагдаж, Сүхбаатар сумын Баялаг бүтээгчдийг дэмжих салбар зөвлөлийг 80 шинэ гишүүнтэйгээр байгууллаа.

Зөвлөлгөөнд Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн О.Тэгшбаяр, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Ганболд, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ганзул, тус холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баянмөнх, суманд худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр Сүхбаатар сумын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний өнөөгийн байдал, цаашлаад өсөн дэвжих боломж бололцоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааны талаар, мөн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны мэдээлэл, цаашлаад Аж үйлдвэрийн яамнаас гаргаж буй бодлого, шийдвэр зэрэг олон сэдвүүдээр яриа өрнүүлсэн юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хувьд одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 4000 гаруй гишүүдтэй аж.

Энэхүү уулзалтын үеэр Сүхбаатар сумын Баялаг бүтээгчдийг дэмжих салбар зөвлөлийг байгуулан, 80 баялаг бүтээгч энэ холбоонд шинээр элсэн орсон. Тус салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар Сүхбаатар сумын “Зул” салоны Ё.Батзул, гишүүдэд ваакум цонх, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг ”Баянхан-Уул” ХХК-ийн Д.Бат-Эрдэнэ, н.Энхтөр, ”Буянхишиг” талхан цехийн н.Ууганчимэг, “Үжээд” ХХК-ийн н.Баярсайхан, Зөгийн аж ахуй эрхлэгч Д.Оюунцэцэг, Оёдол эсгүүр, хувцас засварын үйлчилгээ эрхэлдэг “Хөеө булаг” ХХК-ийн н.Сайннэмэх, утсан загасны худалдаа эрхлэгч н.Алтанцэцэг,  Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг ”Ундрах тум” ХХК-ийн н.Ганбаатарыг тус тус сонгосон байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд шинээр элсэн орж буй бүх гишүүд ямар нэг хураамж төлөхгүй бөгөөд “Масс” агентлагийн зүгээс үйл ажиллагаагаа үнэгүй сурталчлуулах, тус агентлагаас зохион байгуулж буй “Баялаг бүтээгчдээ дэмжье” төсөл хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаанд хамрагдах боломж нээгдэж байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ