Дэлхийн анхны хосолмол мэдээллийн "МонГеоКат" системийг геологийн салбарт ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-18 14:28:52
Yesukheitumur Tumurbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МонГеоКат системийг нэвтрүүлснээр геологийн мэдээлэл илүү хүртээмжтэй болж, геологийн салбарт тулгарах эрсдлийг буруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг татах боломжтой гэдгийг албаныхан онцлов.

Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулж буй “МонГеоКат” системийн танилцуулгад АМГТГ-ын дарга Б.Баатарцогт, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нар болон бусад албаны төлөөллүүд оролцов.

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри: “Урьд нь геологийн мэдээлэл авахын тулд АМГТГ-т очдог байсан бол шинэ систем ашиглалтад орсноор энэ чирэгдэл арилна. Хүссэн үедээ уг системийн холбоосоор нэвтэрч шаардлагатай мэдээллийг авах боломжтой. Ийм төрлийн системийг нэвтрүүлснээр геологийн мэдээлэл илүү хүртээмжтэй болно” гэдгийг онцолсон юм.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны АМЕР хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсын Засгийн газраас санхүүжүүлсэн “МонГеоКат” системийг АМГТГ-ын Эрдэс баялаг мэдээллийн технологийн хэлтэс болон “Оюуны цоморлиг импекс” ХХК хамтран хөгжүүлжээ.

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар уг систем эрдэс баялгийн мэдээллийн төвд байгаа геологийн мэдээллийг хураангуй байдлаар хэрэглэгчдэд хүргэх зорилготой бөгөөд үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй  юм. Эхний бүрэлдэхүүн хэсэг нь ArcGIS программд суурилсан бөгөөд цахим сүлжээнд орон зайн хайлт хийх боломжийг олгосон бол хоёр дахь хэсэг GeoNetwork программд суурилжээ. Ингэснээр  хэрэглэгчид түлхүүр үгийн тусламжтай мета-дада-каталоги”-оос геологийн тухай мэдээллийг хайж олох боломжтой аж.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч Жулиа Бакстер: “Геологийн их хэмжээний мэдээлэл цугласан байдаг. Тухайн мэдээллийг шаардлагатай хүмүүс авч үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх системийг бүтээсэн. Геологийн мэдээлэл нээлттэй дүн шинжилгээ ашигласнаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг шаардлагатай мэдээллээр хангах боломжтой юм. Дэлхийд анх удаа арилжааны программ хангамжийг нээлттэй программ хангамжтай холбож бүтээсэнээрээ давуу талтай. Австрали, Казахстан, Англи зэрэг орнуудад геологийн мэдээллийн сан үсгээд  ашигладаг хүмүүс бий. Гэхдээ ийм хосолмол мэдээллийн систем дэлхийд өөр байхгүй. Энэ утгаараа бусад улс орнууд энэ системээс суралцах боломжтой" гэв.

Уг геологийн хайлтын системд “Эрдэс баялаг мэдээллийн технологийн төв”-д  байгаа 8200 гаруй геологийн тайлан, 200 гаруй газар зүйн мэдээллийн системийн давхарга, 30 төрөлжсөн мэдээллийн санг агуулж буйгаараа онцлогтой аж. МонГеоКат системийг энэ оны дөрөвдүгээр улирлаас ашиглаж эхэлнэ.

Т.Есүйхэйтөмөр
Холбоотой мэдээ