Тамгын газрын дарга нар “Цэргийн бэлтгэл” сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-21 12:24:28
Дорнод /МОНЦАМЭ/.  Зүүн бүсийн аймгуудын Засаг даргын тамгын газрын дарга нар “Цэргийн бэлтгэл” сургалтад хамрагдлаа. Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн 76 сумын тамгын газрын дарга нар оролцсон бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах хилийн 0146 дугаар ангид энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус сургалтын зорилго нь сумын захиргааны удирдах албан тушаалтнуудад шинээр батлагдсан батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн талаар танилцуулж, тухайн чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх, орон нутгийн удирдлагаас гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн, дээд удирдлагыг бодит мэдээллээр хангахад оршиж байгаа юм.
Сургалтад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мөнх-Ирээдүй, тус газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Галбаатар нар оролцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
Сумын Засаг даргын Тамгын газрын дарга бол орон нутагт батлан хамгаалах бодлого, арга хэмжээг гардан хэрэгжүүлдэг төрийн захиргааны албан тушаалтан юм. Тийм ч учраас дээрх сургалтыг 2006 оноос хойш хоёр жил тутамд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсаар иржээ. Сургалтад хамрагдаж буй нийт бүрэлдэхүүнээр буудлага хийлгэж, оноогоор  эрэмбэлэхэд Хэнтий аймаг тэргүүн байранд, Дорнод аймаг дэд байрт  шалгарсан байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ