Чулуут, Хашаат сумын ЭМТ-үүд эрүүл мэндийн идэвхтэн бэлтгэх сургалт зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-22 10:47:14
Архангай /МОНЦАМЭ/. Монакогийн Засгийн газраас санхүүжүүлж буй Архангай аймгийн хүн амын “Эрүүл мэнд ба Хоол тэжээл” төслийн хүрээнд Франц улсын Санте Сюд, ЖЭРЭС ТББ-ууд тус сумдын Эрүүл Мэндийн Төвийн тогооч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх үүднээс эрүүл зохистой хооллолтын гол хэсэг болох хүнсний ногооны ач холбогдол, хүлэмжийн ногооны тариалалт, хадгалалт, боловсруулалтын талаар олон удаа сургалт зохион байгуулсан байна.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дээрх сумдын ЭМТ-өөс санаачлан багуудад нийт 27 иргэнийг хамарсан “Эрүүл мэндийн идэвхтэн” бэлтгэх сургалт зохион байгуулж, Эрүүл зохистой хооллолт, зонхилон тохиолдох халдварт бус өвчин ба урьдчилан сэргийлэлт, давс, сахар, өөх тосны хэт их хэрэглээ, хор хөнөөл, бага насны хүүхдийн шим тэжээлт хоол тэжээл, хүнсний ногоо тариалалт, байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ зэргээр мэдээлэл өгчээ. Сургалтад хамрагдсан иргэдэд хүлэмжийн үйл ажиллагааг үзүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл бүхий гарын авлага өгсөн байна.

Хашаат сумын ахмад настны төлөөлөл хүлэмжээр зочилж, үйл ажиллагаатай танилцсан бол залуучуудад төмс ногоо тариалах хөрс хэрхэн бэлтгэх аргачлал мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт болжээ. Ийм төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулснаар ард иргэдийн мэдлэг ойлголт сайжирч, эрүүл зохистой хооллолт, хүнсний ногооны хэрэглээний хандлага нэмэгдэнэ гэдгийг сургалтад оролцсон ахмадууд онцолж байв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ