Автомашины кузов засварын шинэ анги нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол-Солонгосын политехник коллежид автомашины кузов засварын шинэ анги нээлээ.
Тус ангид 25 хүн суралцахаар бүртгүүлжээ. Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 713 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагийн 440 орчим мянга нь нийслэлд бий аж. Түүнчлэн улсын хилээр сард дунджаар 2900 суудлын, 650 ачааны машин орж ирж буйгаас үүдэн засвар үйлчилгээний салбарт томоохон зах зээл бий болж, мэргэжилтэн бэлтгэх шаардлага гарч ирснийг албаныхан онцолж байна. Хөдөлмөрийн яамнаас монгол ажилтантай авто кузов засварын газрыг бодлогоор дэмжиж, Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөсний эхлэл нь шинэ анги нээсэн явдал хэмээн Хөдөлмөрийн сайд тодотгов.
Дашрамд дурдахад улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг 700 орчим аж ахуй нэгжид гадныхан түлхүү ажилладаг байна.
Б.Заяа