180 сая хүн ундны усаар хомсдоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-30 10:05:55
НЬЮ-ЙОРК. /NHK/. Дотоодын зөрчил тэмцэлтэй байгаа улс орнуудад 180 сая хүн ундны усны хомсдолтой нөхцөлд амьдарч байна гэж НҮБ мэдээллээ.
 
НҮБ-ын Хүүхдийн Сан энэхүү тооцоо судалгааг мягмар гарагт гаргажээ.

Йемен улсын 15 сая хүн 2 жил үргэлжилж буй иргэний дайны улмаас цэвэр устай, эрүүл орчинд амьдрах боломжгүй байгааг тус агентлаг онцолсон байна. Тус орны томоохон хотуудад цэвэр ус хүргэдэг сүлжээ үгүй болох аюул тун ойрхон байгааг анхааруулан дайны хөлд нэрвэгдсэн Сири улсад 6.4 сая хүүхэд бүхий 15 сая орчим хүн цэвэр усны хомсдолтой байна хэмээн тус агентлагийн мэдэгдэлд дурджээ.

Нигерийн зүүн хойд нутгийн зөрчилтэй бүс нутагт цэвэр усны нөөц, ус дамжуулах байгууламжын 75 хувь нь гэмтсэн буюу эвдэрч сүйдсэн тул 3.6 сая хүн ам цэвэр усны үйлчилгээ авч чадахаа больжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн амь нас уснаас хамааралтай байдаг болохыг сануулж, хүчирхийлэл, дүрвэлт, зөрчил тэмцэл, тогтворгүй байдал нүүрлэсэн орнуудад усны хэрэгцээг хангах тал дээр яаралтай арга хэмжээ авч туслахыг олон улсад уриалжээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ