Төслийн үр шимийг эмзэг бүлгийн 300 гаруй айл өрх, иргэд хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
gantuya@montsame.mn
2017-08-31 17:06:55
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хороо МУЗН-ийн дэмжлэг, Британийн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр 2013 оноос “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн  хүмүүст хүргэх” төслийг хэрэгжүүлсэн. Тэгвэл уг төслийн санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл Michell Сүхбаатар аймагт өнөөдөр ажиллаж, төслийн  хэрэгжилт үйл явцтай танилцаад буцлаа. Төслийн үр шимийг хүртэгчид нь Сүхбаатар аймгийн эмзэг бүлгийн 300 гаруй айл өрх, ард иргэд юм.

Уг төсөл манайд хэрэгжсэнээр Улаан загалмайн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хорооны үйл ажиллагаа, хүний нөөцийг бэхжүүлэхэд эергээс нөлөөлсөнөөс гадна байгууллагын санхүүд ч мөн том хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Бид төслөө зорилтот бүлгийн иргэд рүү чиглүүлж хэрэгжүүлсэнээс гадна, төслийн хүрээнд бидний ажлын гол хүч болох сайн дурын идэвхтэнүүдээ сургагч багшаар бэлтгэх, хорооны ажилчдаа чадавхжууллаа. Мөн халамжлуулагч иргэдээ нийгэмшүүлэх, сургах цаашлаад ажлын байранд зуучлах хүртэл ажлыг санаачлан зохион байгуулж ирсэн. Ер нь төслийн үр шимийг дурьдаад байвал их. Санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл маань ч бидний үйл ажиллагаатай танилцаад сэтгэл хангалуун буцлаа. Энэ бол манай хамт олны хувьд удахгүй болох түүхт ойгоо угтан хийсэн томоохон ажил байлаа...” хэмээн аймгийн УЗХ-ны дарга Т. Содномцэрэн ярьж байна.

Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн УЗХ-нд 250 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Нэн эмзэг бүлгийн 300 гаруй өрх, ард иргэдийг халамжлуулагчаар сонгож, тэдэнд  эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ. Тодруулбал дөрвөн жилийн хугацаанд дээрх бүх халамжлуулагчдад хүнсний нэмэлт багц олгож, мөн өвлийн улиралд эрсдэлтэй бүлгийн айл өрхөд нэмэлт тусламж олгож ирсэн байна. Уг нэмэлт тусламжийн хүрээнд 18 иргэнд гэр, 246 иргэнд түлээ нүүрс, 65 иргэнд гэрийн дулаалга, 284 иргэнд хүнсний багцыг нэмэлтээр олгожээ. Төсөл энэ онд дуусах аж.
Т. Одончимэг
Холбоотой мэдээ