Хар үзүүрийн бага сургуулийн 70 жилийн ой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-06 22:00:42
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын Хар үзүүрийн бага сургууль нь 1947 онд байгуулагдсан бөгөөд энэ сарын 2-ны өдөр ойн баяр наадам болж, үе үеийн төгсөгчид, багш ажилчид нь хүрэлцэн ирж оролцлоо. Тус сургуулийг 2005 онд Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Тэс сумын харьяат, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Мөнхийн Чулууны нэрэмжит сургууль болгосон байна.

Ойн баяраар тус багш ажилчид төрийн болон аймгийн шагналуудаар шагнагдсан юм. Ойн арга хэмжээнд Увс аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Амараа, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Л.Дашням, Тэс сумын Засаг дарга Ж.Нямбуян тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн арслан Л.Балдорж, Б.Бадарч нараар магнайлуулсан аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 32 бөхийн барилдаан болж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, аймгийн харцага Я.Батболд үзүүрлэлээ. Харин өсвөрийн үндэсний бөхийн барилдаан хоёр насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд хүүхдийн барилдааны бай шагналыг Увс аймгийн Тэс сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын харцага Т.Баасанхүү ивээн тэтгэж явууллаа. Хурдан азарганы уралдаанд Тэс сумын Л.Диваанансалын халиун, их насны морьдын уралдаанд Тэс сумын Б.Ганзоригийн хүрэн, дааганы уралдаанд Д.Баттогтохын хээр түрүүлж наадамчин олныг баясгалаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ