Ө.Бат-Орших гарьдын алдрыг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-06 22:02:14
 Увс /МОНЦАМЭ/. Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн Увс аймгийн Улаангом сумын харъяат, Батлан хамгаалах их сургууль, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын алдрыг тэмдэглэх баяр наадам энэ сарын 14-нд болох гэж байна.

Тэрбээр 8-р ангиасаа эхлэн бөхийн спортоор хичээллэсэн бөгөөд 9-р ангид байхдаа “Төгс-Эрдэм” сургуулийн нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаанд их шөвөгт үлдэж барилдах урам зориг оржээ. 2006 онд Увс аймгийн баяр наадамд барилдсан улс аймгийн алдар цолтой 128 бөхөөс 7 давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол 2009 оны улсын баяр наадамд 6 давж Монгол Улсын харцага цол хүртсэн байна. Улмаар 2012 оны улсын баяр наадамд дахин 6 давж Улсын харцага цолоо баталсан бол 2015 онд Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд түрүүлжээ. 2017 оны Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадамд найм давж, үзүүр түрүүнд үлдэж, улмаар Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм. Тэрбээр Монгол Улсын 11 дахь гарьд, Увс аймгаас төрсөн хоёр дахь гарьд болжээ. Ө.Бат-Орших гарьд 1985 оны 08 сарын 31-нд Улаангом хотод төрсөн бөгөөд анхны багш нь Увс аймгийн Цогцолбор 2-р сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очир аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ