Химийн бодис тээвэрлэж явсан машин осол гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 10-ны өдөр уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдсоны улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан байна. Машин онхолдож, хүн нас барж, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 10-ны өдрийн 04:30 цагт Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэж, харин нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ. Одоо Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн арван алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн найман иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн зургаан ажилтан, нийт 27 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр зургаан орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна.
Ж.Батсайхан