Б.Гантуяа: Тэргэнцэр бол бидний хувьд гар утас шиг л хэрэгсэл юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-18 15:31:43
Архангай \МОНЦАМЭ\. 30 дөнгөж шүргэж яваа, дайчин энэ бүсгүйг Батмөнхийн Гантуяа гэдэг. Тэрээр өөрт нь тулгарсан бэрхшээлийг бэрхшээл гэж харалгүй энэ ертөнцийг гэгээлгээр харж, аливаад суралцан, бусдад түгээж амьдарч буй нэгэн юм. Түүнтэй өнөөдөр хоромхон зуур ярилцсанаа сийрүүлэн хүргэе.

-Энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе.
-Энэ зуныг хэрхэн амарч өнгөрөөв өө?
-Энэ зун жаахан ажилтай өнгөрлөө.
-Ойрд хоёулаа таарсангүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд ажилладаг уу?  ХБХ рүү чиглэсэн ямар ажлыг хамгийн сүүлд хийвээ?
-Тийм шүү. Би ч ажил ихтэй байлаа. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд ажилладаггүй, гэхдээ оролцоотой байлгүй яахав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр Улаанбаатар хотын Тэргэнцэртэй иргэдийн холбооны Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төсөл дээр хамтран ажиллаад чиглүүлэгч багш болж ирсэн. Тэгээд Архангай аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй  эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр  бүлэг үүсгэн ажиллаж байгаа.
-Чамайг би их дайчин гэж хардаг шүү. Юм юмыг л сурна, мэднэ гээд л явж байдаг шүү дээ? Энэ зан чанарыг өөртөө хэрхэн бий болгов оо?
-Миний аав, ээж хоёр их хөдөлмөрч хүмүүс бий. Зүгээр сууна гэж байхгүй шүү. Тийм болохоор аав ээж хоёрын  зан чанарыг  дуурайсан байх.  Би бас зүгээр сууж  чаддагүй юм. \инээв\  



-Хүмүүс өөрсдийгөө олон янзаар хөгжүүлж, сурч байдаг. Чиний тухайд их олон зүйлийг сурсан байх шүү. Гар урлалын төрлүүдээр, дохионы хэлний багш гээд л... Өөрийнхөө энэ чадамжуудын талаар яриач?
-Хэдий их дээд сургууль төгсөөгүй ч гэсэн оюун ухаанаар эн зэрэгцэх гэж хичээж олон юм сурсан даа. Анх удаа арван жилийн хүүхдүүдийн дунд болдог хаврын гар урлалын олимпиадад оролцож хоёрдугаар байранд орсноос хойш одоо хүртэл гар урлалаа хийж байгаа. Флом олон улсын байгууллагын “Залуучууд” хөтөлбөрт хамрагдаж сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хамт сурч байхдаа тэдэнтэйгээ адилхан суугаад дохионы хэлээр ярих юмсан гэж их боддог байсан. Тэр үед Улаанбаатар хотоос дохионы хэлний багш ирсэнд би үнэхээр их баярлаж байж билээ. Тэгээд л дохионы үгээ  өдөр шөнөгүй  чээжилж байж сурсан даа. 
-Дохионы хэлний хэрэглээ хэр байна. Бусдад ялангуяа байгууллагуудын нэг хүн заавал дохионы хэлний мэдлэгтэй байх ёстой гэдэг шүү дээ. Тэдэнд зааж сургах талаас нь ажилласан уу?
-Дохионы хэлээрээ сонсголгүй хэдтэйгээ ярина аа ярина. Манай аймагт албан байгууллагуудын хүмүүс дохиогоор ярьдаггүй. Уг нь албан байгууллагад нэг дохионы хэлтэй хүн байвал сонсголын бэрхшээлтэй иргэд саадгүй үйлчлүүлдэг болно шүү дээ. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудтай хамтран анхан шатны дохионы хэлний  сургалт зааж байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зааж байсан. 
-Сонингоор бас төрөл бүрийн сав суулга хийдэг шүү дээ?
-Тиймээ сонингийн цаасаар олон төрлийн юм хийж байгаа. Тоглоомын хайрцаг, ногооны сав, зургийн жааз гэх мэт бэлэг дурсгал, гэр ахуйн бүх л зүйлийг хийж байгаа. Дан ганц сонин гэлтгүй шүр, эсгийгээр давхар гар урлалын бүтээгдэхүүнүүд хийж байна.


-Ямар шагнал авч байв?
-Миний хийж бүтээснийг минь үнэлж Архангай аймгийн Засаг даргын жуух бичгээр хоёр удаа , 2015 онд “Шилдэг Бизнэс эрхлэгч”, 2016 оны “Манлайлагч эмэгтэй зэс эрдэнэ”, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанаас шилдэг гэсэн өргөмжлөлүүдийг олон авсан даа.  
-Гар урлалын бүтээгдэхүүнүүд амьдралд хэр дэмтэй байна вэ?
-Ажил хийвэл ам тосдоно гэдэг үг байдаг даа. Яг түүн шиг амьдралд нэлээн  нэмэр болдог шүү.
-Борлуулалт хэр байдаг вэ?
-Боломжийн байдаг.  
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийнхөө бэрхшээлийг их томоор хараад нийгэмшихээс зарим нь татгалздаг юм шиг санагддаг л даа. Чиний хувьд өөрийнхөө бэрхшээлийг бэрхшээл гэж харахгүй хаа ч явж л байдаг. Чиний энэ сэтгэл зүтгэл, дээр нь өөр хэн чамд тусалдаг вэ?
-Мэдээж миний аав ээж, ах эгч дүү, хань, хамт олон, найз нөхөд гээд олон хүмүүс намайг гэсэн сэтгэлээр надад ханддаг болохоор би энэ олон хүмүүсийн урам зоригийг хугалах эрх байхгүй гэж боддог.


-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Миний ханийг Цэцэгсайханы Шижир гэдэг.
-Юу хийдэг вэ?
-Гэрээрээ хэвлэл хийдэг.
-Хамтын амьдралаа эхлүүлчихсэн та хоёрын ирээдүйн амьдрал ямар байна гэж төсөөлж мөрөөддөг вэ?
-Мэдээж сайхнаар харна. Хүүхэдтэй болчихсон, тогтсон ажилтай болсон байна гэж ирээдүйгээ хардаг даа.  
-Болж өгвөл хоёулаа тогтсон ажилтай болчихвол тэ? Бизнес байсандаа ч яахав дээ?
-Тиймээ. Өөрсдийн гэсэн хэвлэлийн газартай. Түүн дотроо гар урлал хийдэг өөрийн гэсэн бизнестэй болно гэж бодож байгаа. 



-Та хоёрын цонхоор амьдрал ямар өнгөтэй харагддаг вэ? Залуу хүмүүс шүү дээ?
-Амьдрал их олон өнгөтэй юм шиг санагддаг. Эрээнтэй бараантай олон бэрхшээл тулгарах ч бид хоёр ирээдүйгээ нэг өнгөөр харж амьдардаг даа.
-Уучлаарай эвгүй санагдвал хариулахгүй байсан ч болно шүү. Залуу хүмүүс ингээд тэргэнцэртэй байхад юм бүхэн л бэрхшээлтэй юм шиг санагдах уу? Наад зах нь өөрийнхөөрөө хаашаа ч юм дуртай үедээ явмаар санагдах үе зөндөө л гардаг байх...
-Тиймээ ингэж бодох үе хаяа гардаг шүү. Энэ бодол ихэвчлэн гадуур явж байхад шат гарц гээд олон бэрхшээл, саад тулгарах үед ийм бодол төрдөг. Тэгэхдээ бидний суусан тэргэнцэр бол бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэрэгсэл юм. Гар утас хүний хэрэглээ шүү дээ. Яг тэрэнтэй адилхан.
-Ярилцлагын төгсгөлд залуучуудад хандаж хэдэн сайхан үг хэлээд өндөрлөх үү?
-“Амьдрал намайг хүлээхгүй, амьдралтай хөл нийлүүлэн алхая” гэсэн үгийг би хэлэх дуртай. Тиймээс залуучуудаа амьдралтай хөл нийлүүлэн алхаарай гэж хэлмээр байна.  
-Ярилцсанд баярлалаа.
-Танд бас баярлалаа.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ