О.Чинзоригийн нэрэмжит олимпиадын дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 12:57:05

Өмнөговь/МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт математик мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит олимпиад болж дүнгээ гаргалаа.

Математикийн хичээлийн чанар, багш сурагчдын амжилтыг ахиулах зорилго бүхий "Оюуны хурд" хөтөлбөрийн хүрээнд математик, мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит олимпиад, багш нарт сургалт, рибук шооны тэмцээнийг тус аймагт зохион байгуулжээ.

О.Чинзориг багшийн шавь нар уг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд рибук шооны тэмцээнд 70 гаруй хүүхэд, олимпиадад 8, 9 дүгээр ангийн 200 орчим хүүхэд оролцож шилдгүүдээ шалгаруулжээ. Наймдугаар ангиудаас Даланзадгадын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Мандуул, есдүгээр ангиудаас тус сумын Эрдмийн гэгээ сургуулийн сурагч Н.Учрал нар үеийнхнээ нөхдийг манлайлсан байна. 
Өмнөговь аймагт үе үеийн олон шилдэг хүүхдүүдийг бэлтгэж өгсөн О.Чинзориг багш саяхан төрийн дээд "Алтангадас" одонгоор энгэрээ мялаагаад байгаа юм. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ