“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг Увсад хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-25 14:05:42
Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт хэрэгжих “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал” төслийн бэлтгэл ажлыг хангах, талуудын хамтын ажиллагааны боломж, нөхцлийг тодорхойлох үүднээс төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд энэ сарын 20-нд Увс аймагт ажиллалаа.
Төлөөлөгчид тус аймагт ажиллах үеэрээ аялал жуулчлалыг хөгжүүлэн аймгийн эдийн засгийг сайжруулахад оролцох төрийн байгууллагуудын дарга, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, холбогдох бусад хувийн сектор, иргэний нийгмийн сүлжээний төлөөллүүдтэй уулзаж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого шийдвэр, арга замууд хийгээд Увс аймагт аялал жуулчлалын нөхцөл байдал ямар байгаа талаар, орон нутгийн иргэд аялал жуулчлалыг хэрхэн хардаг, аялал жуулчлалд ямар салбар илүү нөлөөтэй байгаа талаар санал бодлоо солилцлоо. Мөн төсөл хэрэгжүүлэгч багийн төлөөллүүд Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Үүрэг нуур, Цагаан шувуутын ДЦГ-аар аялж, жуулчны бааз, малчин айлуудаар айлчилсан байна.
Үндэсний хөгжлийн газар (ҮХГ), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг энэ сараас эхлэн 2020 оны гуравдугаар сар хүртэл ЭТИС хөтөлбөрийн “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн зорилтот гурван аймаг болох Увс Баянхонгор, Сэлэнгэ, аймагт хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын бүсчилсэн хөгжлийн загвар, хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ