Эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн 150 сая долларын хөтөлбөр хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-10 11:04:33

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд 83.1 хувийн саналаар батлав.

УИХ-аас баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засгийн хүндрэлийн үеэр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилтот арга хэмжээнүүдийг тусгасан. Иймээс Засгийн газар уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Азийн хөгжлийн банкинд хандаж төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсныг тус банк хүлээн авч “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тогтжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилтийг 2015-2016 онд хоёр үе шаттай авахаар төлөвлөж байгаа ба хөтөлбөр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Нийт халамжийн 28 хувь нь чинээлэг 40 хувьд очиж байна гэсэн судалгаа гарсан байна. Энэ зээл зорилтот бүлэгтээ очиж чадах уу” гэсэн асуудлыг тодруулсан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, “Эдийн засгийн хүндрэлийн үед төсвийн алдагдлыг бууруулах, эмзэг бүлэгт үзүүлэх халамжийг бууруулахгүй байх зорилгоор 150 сая долларыг авч байгаа” гэсэн бол Сангийн сайд Б.Болор зорилтот бүлэгт чиглүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Мөн үеэр зарим гишүүд энэхүү санхүүжилтийг авснаар улсын өрийн таазаас давах юм биш биз гэсэн асуудлыг лавлаж байсан. Сангийн сайд Б.Болор, “Өрийн таазыг 58.3 хувьд барина гэж хуулиндаа заасан. Энэхүү зээлийн хэлэлцээр өрийн таазандаа тооцогдож бодогдсон” хэмээн хариулж байсан юм.

Б.Туул

Холбоотой мэдээ