Хөдөөгийн хөгжилд 50 сая ам.долларын нэмэлт санхүүжилт авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-10 11:40:33

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн эхний шатанд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчид, хоршоодыг дэмжих хөрөнгө оруулалт хийх, чадавхжуулах ажлыг Засгийн газраас сонгосон 6 аймгийн 38 суманд хэрэгжүүлж, 1,46 сая ам.доллар бүхий 176 тэтгэлгийг 104 хоршоонд олгож, 23 төрлийн сургалтад 4300 гаруй хүнийг хамруулжээ. Мөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр ноос, ноолуур, махны салбарын тус бүр 2, арьс шир, сүүний салбарын 3 зэрэг нийт 12 аж ахуйн нэгжид жилийн 8-11.4 хувийн хүүтэй, 7 хүртэлх жилийн хугацаатай, үүнээс 3 хүртэлх жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, нийтдээ 22.3 сая ам.доллар буюу 29 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудтай хамтран олгосон байна. Уг төсөлд хамрагдсан компаниуд нийтдээ 1854 ажлын байр бий болгосны зэрэгцээ ашиг орлого, улсад төлөх татвар, шимтгэл нь нэмэгджээ.

Харин төслийн хоёр дахь шатанд эхний шатанд хэрэгжүүлсэн ажлыг улам өргөжүүлж оролцогч компанийн тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 20 гаруй жил шинэчлэгдээгүй техник, технологи, тоног төхөөрөмжийг орчин үеийн төхөөрөмжөөр шинэчлэх, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулж, үндэсний брэндийг хөгжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад чиглүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хоёр дахь шатны нэмэлт санхүүжилт нь нийтдээ 50 сая ам.доллар бөгөөд үүний дийлэнх нь нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд зарцуулагдах аж. Тухайлбал, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор нийтдээ 41,3 сая ам.долларыг жилийн 6-8 орчим хувийн хүүтэй, 7 жил хүртэл хугацаатай, эхний 3 хүртэлх жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан арьс шир, ноос ноолуур, мах, сүү, оёдол, зөгийн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн салбарын компаниудад зээлдүүлэх юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэхүү санхүүжилт ажил хийе, бизнесээ өргөжүүлье гэсэн иргэн, аж ахуй нэгжид бодит хөрөнгө оруулалт болж очоосой гээд хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж тус тусын байр сууриа хэлж байв.

Б.Туул

Холбоотой мэдээ