Хоёр дахь удаагийн сануулах ажил хаялтад цэцэрлэгүүд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-26 16:38:58
Дархан-Уул/МОНЦАМЭ/. Өнгөрсөн 21-ны өдөр болсон цалин хөлсийг өсгөх талаарх багш нарын ажил хаялтад аймгийн хэмжээнд зөвхөн ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж, цэцэрлэгүүд нэгдэж чадаагүй. Энэ удаад сургуулийн өмнөх боловсролын байгууллагынхан 100 хувь нэгдэж чадаагүй ч үзэл бодолдоо тууштай, бусдынхаа төлөө зүтгэж, хөдөлмөрөө зөв үнэлүүлэх энэхүү сануулах ажил хаялтанд нэгдэж чадлаа гэж СӨБ-ын цалин нэмэгдүүлэх түр хорооны дарга О.Лутбат онцоллоо.
Улсын 24 цэцэрлэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдагаас 17 цэцэрлэгийн багш, ажилчид нэгдэж ажил хаялтад оролцжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын тухайд өмнө 14 сургуулиас 12 сургуулийн багш нар хамрагдаж байсан бол энэ удаад 11 сургууль ажил хаялтад оролцжээ.

Хүүхдийн сурах эрх зөрчигдөж байгаа талаар энэхүү 2 удаагийн сануулах ажил хаялтын үр дүнд зарим эцэг эхчүүд бухимдаж байгаа илэрхийлсэн. Гэвч боловсролын салбарынхан өөрсдийн нийгмийн асуудлыг шийдүүлэх, хөдөлмөрөө үнэн зөвөөр үнэлүүлэх зэрэгт туушдаа тэмцэхээ илэрхийлж төр засгаас тодорхой шийдвэр гаргахгүй бол тэмцлийг цаашид үргэлжүүлнэ гэдгээ ажил хаялтад оролцсон багш нар хэлж байгаа юм. Өнөөдөр нийтдээ 1224 багш ажил хаялтад оролцсон байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ