Таиландын ерөнхий сайд асан Йинглак Чинават Дубайд нуугдаж байгаа ажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-28 14:09:21
БАНГКОК. /ТАСС/. Эх орондоо шүүхийн шийдвэрээр таван жил шоронд хорих ялаар эчнээ шийтгүүлээд байгаа Таиландын ерөнхий сайд асан Йинглак Чинават Арабын нэгдсэн эмирт улсын Дубай хотод нуугдаж байна гэж Таиландын Ерөнхий сайд Прают Чан-Оча пүрэв гаригт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн тухай ТАСС агентлаг уламжлав.
 
"Одоо цагдаагийн газар үйл ажиллагаагаа гадаад хэргийн яам болон Интерполтой уялдуулж ажиллана. Йинглак Чинават Дубайд байгаа” гэж Прают Чан-Оча хэлсэн байна.
 
Таиландын Дээд шүүх лхагва гарагт хуралдаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээс цагаан будааг барьцаатайгаар худалдан авах улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ажилдаа цалгар назгай байдлаар хандсан гэм буруутайд тооцож, ерөнхий сайд асан Чинаватад таван жил шоронд хорих шийтгэл ногдуулсан ажээ. Таиландын шинэ үндсэн хуулийн дагуу Чинават нь шүүхийн шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм.  
 
Чинаватын “цагаан будааны худалдан авалттай” холбоотой хэргийн шүүхийн шийдвэр бүр наймдугаар сарын 25-нд гарах ёстой байсан боловч тэрээр нэг өдрийн өмнө машинаар Камбож руу нууцаар гарч одсон ба тэндээсээ өөрийн ах Таксин Чинаватын амьдарч буй АНЭУ руу явсан аж.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ